Share on facebook
Facebook
Share on google
Google+
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn

10. ЦАГААН СУВАРГА

10. Цагаан суварга

Аялахад хамгийн тохиромжтой сар- зуны улиралд, Тав, Ес, Арав дугаар сард.

Улаанбаатар хотоос 430 км, Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга нь олон жилийн өмнө нар салхинд элээгдэн эвдэрсээр алсаас харахад суварга мэт огцом гүнзгий хэлбэртэй болж Цагаан суварга гэж нэрлэх болжээ. Суварга руу өнгийн хараваас ёроол нь харанхуйлж харагдахаас гадна улаан, шар, цагаан өнгө хосолон гайхамшигтай содон харагддаг байна

9. ХОРГО УУЛ, ТЭРХИЙН ЦАГААН НУУР

9. Хорго уул_Тэрхийн цагаан нуур

Аялахад хамгийн тохиромжтой үе- Жилийн аль ч үед аялахад тохиромжтой.

Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Хоргын тогооны дэргэд байрлах Тэрхийн цагаан нуур нь галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө.
Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч  байснаас Хорго хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ.
Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэдэг.

8. ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Аялахад хамгийн тохиромжтой сар- Хавар, зун

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Ойгоор хүрээлэгдсэн уулсын дунд хоорондоо холбоотой том жижиг хоёр нуурыг Хөх нуур гэдэг ба нуурын арын уулийг Зүрх хайрхан гэдэг тул ийнхүү нэрлэжээ. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ.

7. ХУСТАЙН НУРУУ

Аялахад хамгийн тохиромжтой үе- Жилийн аль ч үед аялахад тохирожтой.

Хустайн байгалийн цогцолборт газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Хусан ой, 450 шахам төрлийн ургамалтай, 126 зүйл шувуутай, халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. Хустай нуруун Ойн сангийн ихэнхи хувийг хус мод зонхилдог. Мөн Өнгөтийн цогцолбор, дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгалт зүйлс олон бий. Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авах болсон зайлшгүй шалтгаан нь дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг авран хамгаалж, сэргээн нутагшуулах юм. 

6. ОРХОНЫ ХӨНДИЙ

Аялахад хамгийн тохиромжтой үе-  Хавар, Зун, Намар

Орхоны хөндийд Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд оршиж байдаг бөгөөд олон зуун жилийн турш Азийн соёлын ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтанд орсон билээ. Орхоны хөндийг Орхон гол, түүний цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд эзэлнэ.

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг болох Хүйсийн найман нуур, Орхоны хүрхрээг үзэх боломжтой.

5. ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД

Аялахад хамгийн тохиромжтой үе-  Хавар, Зун, Намар

Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.
Эрдэнэ Зуу хэмээх үг нь төвдөөр “Ринчэн Жово” хэмээх дуудлагатай. ЭРДЭНЭ ЗУУ гэдэг нь “их үнэ цэнэтэй бурхан будда” гэсэн агуулга юм. Бурхан будда нь орчлонгоос буюу зовлонгоос гэтэлсэн бөгөөд бусад хүмүүсийг ч зовлонгоос гэтэлгэх арга замыг олж номлосон нь эрдэнэ шиг үнэтэй, ховор нандин үйл хэрэг учраас ийнхүү нэрлэсэн гэж үздэг.

4. АЛТАЙ ТАВАН БОГД

Аялахад хамгийн тохиромжтой үе-  6,8,9,10-р сарууд хамгийн тохиромжтой. Аялахаар зорьж буй бол 10-р сард зохион байгуулагддаг Бүргэдийн баяр арга хэмжээнд оролцон казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцаарай.

Манай улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богд  Монголын хамгийн баруун цэг болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт оршдог. Сумын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь далайн түвшнээс 2500-3000 м өргөгдсөн мөнх цаст уул хадтай уулархаг нутаг юм. Манай оронд Таван Богд, Цамбагарав, Мөнххайрхан, Сутайхайрхан, Хархирааны цагаан дэглий зэрэг 5 оргил байдаг ба эдгээрийг нийтэд нь Монгол Алтайн Таван Богд гэж нэрлэдэг гэнэ.  Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. 

3. ТЭРЭЛЖ

Аялахад хамгийн тохиромжтой үе- Жилийн аль ч үед аялахад тохиромжтой. 

Улаанбаатараас зүүн тийш 50-76 километрт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгаль эхийн хад чулуун бүтээлүүд бий. Түүнчлэн морь унах, явган аялал хийх, Буддын шашны хийд, малчин айлаар зочлох гэх мэт сонирхолтой аялал хийх боломжтой. Өвлийн улиралд нохой чарганы аялалд явах боломжтой.

2. ХӨВСГӨЛ НУУР

2.Хөвсгөл_нуур

Аялахад хамгийн тохиромжтой үе- Жилийн аль ч үед аялахад тохирожтой. 

Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу “Хөх устай нуур” гэсэн үг ажээ. Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Хөвсгөл нуур туйлын гүнзгий учраас зуны богино хугацаанд алгуур халж зөвхөн 50 м хүртэлх өнгөн хэсэг нь бүлээсэх бөгөөд усны гадаргын температур 18 градусаас хэтэрдэггүй учраас манай орны Хамгийн хүйтэн устай нуур ажээ.

1. ХОНГОРЫН ЭЛС

Аялахад хамгийн тохиромжтой үе- Хавар болон Намрын улирал 

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон их элсийг Хонгорын элс гэнэ. Хонгорын элс нь Монголын говь дахь томоохон баян бүрдийн нэг юм. Эндээс говийн олон зүйл зэрлэг амьтад, мал сүрэг, хүн ундаалан амьдарч байна. Адаг нуур, Сэрүүн булаг, Нүдэн булгийн орчны зүлэг усанд хавар намрын нүүдлийн шувууд цөөнгүй ирж амардаг. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс газар цөлөх болжээ. Сэврэй хатан алс газар цөлөгдөөд байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хичнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Хонгор баатарт хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо хийн элсэн манхан болж хувирсан гэдэг.  

Эх сурвалж:

http://www.touristinfocenter.mn/
https://www.hustai.mn
https://www.bayan-olgii.gov.mn/




Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Майхантай аялал захиалах.

Майхантай аялалын захиалга

ХОЛБОО БАРИХ

+976 7012 0011

ХАЯГ, БАЙРШИЛ

#1101, Метро Бизнес төв,
Бага Тойруу, 6 хороо, Сүхбаатар
дүүрэг, Улаанбаатар хот,
Монгол Улс

ОТОГЛОЁ © 2020. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН